Коммунист системээс татгалзаж, иргэн хүний шашин шүтэх, эс
шүтэх эрхийг нь чөлөөтэй болгосноор хойш нилээн хэдэн жил өнгөрлөө. Түүнээс
хойш элдэв янзын сүм хийдүүд Монголд борооны дараах мөөг шиг л олширсон. Шашин
шүтэж болохгүй гээд яриад эхэлвэл ардчилсан нийгэмд харш зүйл болох байх л даа.
Гэхдээ иргэн хүний эрхийнхээ хүрээнд өөрийн бодлоо хуваалцъя гэж бодлоо.
Шашин гэж юу вэ?
Сүн далайг шалбааг, сүмбэр уулыг дов байхад нэг Гоги явж
байж л дээ. Аянга цахих, шуурга болох зэрэг нь аль эрт ч байсан, одоо ч байгаа.
Тэр үед одоогийнх шиг агаарын даралт, элетрон шилжилтийн талаар мэддэг байсан
биш, Гоги түүнийг ойлгоход их хэцүү байж л дээ. Тэгэхдээ Гоги их ухаантай хүн
байсан болохоор бүх юманд шалтгаан буйг мэддэг байж. Тэгээд БУРХАН гэдэг нэг
хүчтэй нөхөр л иймэрхүү юм хийгээд байна гэж бодож.
За тэгээд Гоги бол омгийн ахлагч, бусад нь хүндэлнэ, бусад
Гогинууд түүнд итгэдэг. Ингээд л шашин гээч зүйл маань анх гарч ирсэн байна.
Хүн төрөлхтний эрүүл замнал бол хөгжих, дэвжих, улам илүүг
мэдэх гэсэн сонирхол. Тийм хүмүүс л босоо явж, тийм хүмүүс л галыг нээж, тийм
хүмүүс анхны нийгмийг бий болгосон. Харин бусад нь сармагчин хэвээрээ үлдсэн
юм.
Энэ сонирхлыг нь хангах анхдагч хүчин зүйл нь бол шашин
байсан. Магадгүй чухам үүний тусламжтайгаар хүн төрөлхтөнд этикет, сайн муугийн
ойлголт төлөвшин тогтсон юм болов уу.
Шашин хэнд хэрэгтэй вэ?
Би Гогинуудад хайртай, тэд бол өөрсдийн итгэсэн зүйлсийнхээ
төлөө зүтгэж, тэмцэж, үхэж чаддаг улс. Энэ бол үнэхээр гайхалтай зан чанар.
Хутгыг алах зэвсэг, эсвэл аврах багаж ч болгож болдогийн хувьд энэ чанарыг нь
өөрт, эсвэл хэсэг бүлэгт ашигтайгаар эргүүлэх ухаантай, амбицлаг Гоги гараад л
ирдэг. Уул нь бол хүн болгон л адилхан.
Хүн гэсэн утгаараа. Бүгд л иддэг уудаг, унтдаг хэвтдэг. Гэтэл зарим Гоги
өөрсдийгөө бурхны хүү, бурхантай холбогддог мэтээр бусдадаа итгүүлж чаддаг байх
юм. За тэгээд эрх мэдэлтэй болсон нь
хүмүүст тустай зүйл хийж байвал ч яахав. Гэтэл дандаа хорлон сүйтгэх, хүмүүсийг нэгнийх нь эсрэг турхирах. Хамгийн
аймшигтай дайнууд бүгд бурхны төлөө хийгдсэн байдаг. ( Үлдсэн нь бас л адил,
хүмүүсийн сохор итгэлийг ашиглаж хийсэн.) Уул нь бурхан хүн төрөлхтөнд хайртай
гээд байдаггүйсэн бил үү?
Тэгэхлээр шашин маань улс төрийн нэгэн хэрэгсэл болж таарах
нь. Аливаа дангаар эзэгнэгч засаглалд ард түмэн тэнэг байх нь улс оршин тогтнох
үндсэн шаардлага. Тэдэнд боолууд, дуулгавартай зарц нар хэрэгтэй болохоос
шүүмжлэгч хэрэггүй. Чухамхуу энэ шалтгаанаар л Христийн шашны толгой нар хүн
төрөлхтний хөгжлөөс хэдэн зуун жилээр уруу татаж, эсэргүүцсэн болгоныг нухчин
дарж байсан аж. Монголчууд маань ч харийн шашны 2 урсгалаас болж биенээ хичнээн
хядаж, харь хүний золиос болж байсан түүхтэй.
Аан бас Хантингтон гээд нэг эрхмийн хэлснээр бол дэлхийн
шинэ дэг нь шашин, соёлоороо ялгагдсан гүрнүүдээр хуваагдах юм байх. Би үүнд
итгэдэггүй, гэхдээ 2 улс талцлаа гэхэд шашин, соёл нь хүмүүсийг дотносуулдаг нь
тодорхой зүйл. Жишээ нь гэвэл хар багаасаа дотносож нөхөрлөсөн найз минь саяхан
сүмд орсон юм л даа. Тэгээд одоо бол муухан танилаас л доогуур харилцаатай.
Одоо бол зөвхөн сүмийнхээ хэдтэй л найзална. Хэд хэдэн удаа шашны талаар
яриснаас хойш бүр хүн гэж үзэхээ байсан. Арай макро түвшинд аваад үзэхэд
казакстан манай 2 улс дайсагнацлаа гэж үзэхэд Баян-Өлгий аймгийн хэдэн казакууд
урвах магадлал нь арай их байх нь. Идеал түвшинд яръя л даа. Виетнам, Энэтхэг
манай 3 дайтъя л даа. Гэтэл Чинхайг шүтдэг хэд нь виетнамаа дагана, баахан шри,
гүрүгээ дагадаг хэд нь бол энэгхэгээ дагаад явах магадлал илүүтэй. Тэгэхээр
шашин гэдэг маань үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг эд байх нь.
Нэгэнт шашинд толгойгоо угаалгачихсан хүн бурханы үг (яг
үнэндээ тэр дамжуулагч, бурхантай холбогддог багшийнх нь үг) -ээсээ өөр зүйл
толгой руу нь орохоо больж, бусад үнэт зүйлс хамаагүй болж эхэлдэг номтой
ажгуу.
Монгол ба шашин
Алдсан хүн тэнэг биш, алдаагаа давтдаг хүн л тэнэг. Шашин
бол их догма шинж чанартай зүйл. Аливаа
хүн сэтгэлгээгээ нэг зүйлд баглуулж, түүнийхээ эсрэг зүйлсийг ойшоохоо болиод
эхлэхээрээ мөхөх замдаа орж байгаа нь тэр. Европт харанхуй зууныг шашин бий болгож хүн
төрөлхтний хөгжлийг хэдэн зуунаар хойш татсан түүхийг бараг хүн болгон л мэднэ.
Харин өнөөдөр Монголд ХАРАНХУЙ ЭРИН эхэлчихээд байгааг анзаарч байгаа нь хэд
бол?
Хамгийн гол нь Монголын хүн ардын донтой ч гэмээр нэг зан
ажиглагдаж байгаа юм. Итгэж болох бүх юманд л итгэнэ. Ийм олон төрлийн шашны
урсгал байдаг улсыг та гагцхүү эндээс л харж болно. Алин дивангарын бөө мөргөл,
Христийн болох болохгүй бараг бүх урсгал нь, Хаа байсан энэтхэгийн Шри шри,
Чинхай өөр хэн хэн ч билээ дээ. Тэгээд сүүхэйтэй хэд нь энэн дээр нь тоглоод
хөөрхөөн хэдэн цаас босгочихно.
Гэхдээ хөөрхий хэдэн
Монголчуудын маань амьдрал ахуй нь сайн байсан бол юу гэлээ гэж
тааралдсан болгон луугаа гүйж байхав. Аргаа барсан хүний л хийж байгаа ажил. Энэ
нь сайн гэсэн, тэр нь сайн гэсэн болгон луу л гүйж ар гэр, эрүүл мэнд, амьдрал
ахуйгаа даатгаж байгаа нь тэр. Чарайтлаа хөдөлмөрлөөд хоногийн хоолтойгоо арай
ядан золгож байгаа хүмүүс азанд найдахаас өөр юунд найдна гэж. Хүн хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд сайхан амьдрах
боломж нь алга, тэгэхээр бурханаас л сайхан амьдралыг хүсэхээс өөр яах юм бэ?
Эрэлт байгаа газар нь нийлүүлэгчид нь байна аа. Эрээний
бараа шиг хэдэн нөхдүүд энэ үүргийг нь гүйцэтгэж байгаа юм.
Солонгосын Мүүний урсгал, хэдэн хүүхдийг ходоодоор нь захирч
өөрийнхөө номлолыг тулгадаг, Мүүний урсгалаар солонгос явсан хэдэн нөхөр нь хог
дээр гарсан сурагтай.
Гол хэрэгцээ болоод байгаа англи хэлээр далладаг Мормончууд,
далласан хэд нь хөөрхөн хөрөнгөжөөд овоо ч томорчихлоо. Харин нилээд хэдэн
тарвага нь амиа хорлосон дуулдсан. Уул нь тэд нарын амь төрүүлж өсгөсөн Монгол
улсад нь хэрэгтэй байснаас ертөнцийн эзэнд хэрэггүй л байсан баймаар.
За тэгээд нилээд хэдэн барак бараа бас байна.
Ертөнцийг төгсгөчих гээд байдаг Оюунгэрэл, Намираа, бас бус
хэдэн хүмүүс. 12.21ний сургаар дэлгүүрийн хог дээр хэвтэж байх ёстой хэдэн
номыг борлуулах шиг болсон доо. Нэгэнт л сүйрэхээс хойш буян болоод үнэгүй
тараамаар юм. Эсвэл мөнгөтэй хүн дэлхийн сүйрлээс аврагдаж чаддаг юм болов уу.
Нилээд олон хүнийг гэр, лааны мөнгөөр шатаагаад амжлаа.
Өө Арго багшийгаа мартах гэж байна ш дээ. Дэлхийн сүйрлийг
зогсоосон "буянтай" хүн байгаа юм шүү дээ.
За тэгээд Чингис хааны үр сад, онц хилчин, вангийн
нийгэмлэгийн алтан медалт, эрхэм хүндэт хэн нь ч билээ дээ. Монголчууд минь ээ,
Монгол улсыг та бид л хөгжүүлэхээс аль дээр хийдгээ хийгээд үхэдгээ үхчихсэн
Чингис хаан тэнгэр дээрээс бууж ирээд хөгжүүлнэ гэж байхгүй ээ. Оронд нь Харри
Поттер унш, арай үнэмшилтэй.
За тэгээд айл бүр нэг бөөтэй байдаг заншилтай болчихсон. Бие
чинь өвдөх юм бол эмнэлэг дээр л оч, битгий бөө дээр очоорой, үгүй бол 10аад
сая төгрөг чамаас аваад бөө болгочихно. 10н саяыг өгчихсөн хүн чинь чадсан ч
чадаагүй ч алдагдалаа нөхөхийг бодно доо. Тэгээд чи худалч, хулгайч болж байгаа
нь тэр.
Коммунизмийн үеийн их хэлмэгдүүлэлт олон лам нарыг устгаж
нүгэл тарьсан ч, юу ч бүтээдэггүй (ядахнаа хүүхэд ч үйлдвэрлэхгүй) шар
хувалзнуудаас салж нийгмийн хөгжилд түлхэц болсон юм шүү.
Үгүй ээ та бид чинь ямар сургуультай нохос биш дээ. Хүний
хэлсэнийг тархи руугаа чихээд байж болохгүй ээ. Ном унш, амьдралыг арай
өргөнөөр хар. Ямар нэгэн юманд итгэмээр санагдвал бусад үзэл сургаальтай нь
харьцуул. Сүм чамд гитар зааж магадгүй, сүм чамайг хооллож магадгүй, гэхдээ чи
тархиныхаа эзэн нь гэдгээ санаж яв. Магадгүй энэ хорвоо дээрх чиний цорын ганц,
хамгийн үнэ цэнэтэй өмч чинь.
Монгол улс шашны улс биш. Гэтэл бараг улс төрч болгон нь
хувийн лам, бөөтэй. Хулгайч хүн лам дээр очиж нүглээ наминчилснаас хулгай
хийхээ л больсон дээр ээ дээ. Хэдэн сая хүнээс хулгай хийсэн нүглийг даачихдаг
яасан айхтар лам нар вэ.
Дахиад хэлье. Монгол улсыг бурхан хөгжүүлэхгүй, Монгол улсыг
Монгол хүний саруул ухаан л хөгжүүлнэ. Өнөөдөр яаж амьдрахаа мэдэхгүй байж
үхсэний дараа диваажинд очих, тамд очих хэнд хамаа байна? Эхлээд энэ насандаа
сайхан амьдарчих, буян үйлд, хүнд тусал, ухаантай амьдар, дараа нь болох ёстой
юм нь ёсоороо л болог. Буян нүгэлийн талаар ярихад өөрийнхөө амьдралыг
төвхнүүлсэн хүн л бусдын амьдралд тус болж чаддаг юм шүү.
Нэгэнт бид ардчилсан нийгмийг сонгоод явсанаас хойш хүний үг
хэлэх эрхийг хааж, шашин шүтэх эрхийг нь боомилж болохгүй. Тиймээс Монгол хүн
та л ухаантай байж, нэг олдох насаа үр дүнтэй өнгөрөөгөөрэй. Ардчилсан Монгол
улсад ухаантай, боловсролтой, шийдвэр гаргах чадвартай, эрүүлээр сэтгэдэг,
Монголоо гэсэн зүрхтэй хүн юу юунаас илүү хэрэгтэй байгаа шүү.
No comments:
Post a Comment