Friday, February 15, 2013

Монголын боловсролын асуудал



            Орчин үеийн нийгэмд гэр бүлүүд хүүхдүүддээ зарцуулах цаг бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Гэр бүлүүд дунджаар 22-оос 30-н насандаа хүүхэдтэй болдог ба энэ үе нь бие хүний хувьд карьераа дөнгөж эхлэх үе.  Энэ үед хүний дийлэнхи эрч хүч нь ажил мэргэжилдээ, эсвэл амьдралаа төвхнүүлэхэд чиглэсэн байдаг учраас үр хүүхэддээ зарцуулах цаг ихэнхдээ олддоггүй. Тийм учраас хүүхдээ хүмүүжүүлэх өөрсдийн чухал үүргийг цэцэрлэг, ясли, тэгээд Ерөнхий Боловсролын Сургуульд даатгадаг.

            Ясли цэцэрлэгт хүүхэд хоолоо яаж идэх, хувцсаа зөв өмсөх гэх мэт хүн болох бэлтгэлээ хийдэг бол ЕБС-д бие хүн болж төлөвшдөг.




            Саяхан миний танил Германаас ирлээ л дээ. Хүүхдээ давгүй сайн гэсэн сургуульд оруулав.  Тэгээд нөгөөх маань сургуульд орсон анхны оройноо гэртээ ирчихээд ээжээ би п**** гээд хэлчих үү гэж байна. Ээж нь "миний хүү тэгж болохгүй, тэр чинь Sheisse-гээс муухай үг" гэсэн чинь "Бүгдээрээ л тэгдэг юм байна лээ ш дээ" гэж байна. Маргааш нь ээжээ би шүлсээ хаячих уу гээд хүрээд ирлээ. Тэгэхээр бие хүн болж төлөвшүүлэх ёстой ЕБС маань ажлаа хийж чаддаггүй байхнээ.

            Хүн гэдэг маань нийгмээр амьдардаг учраас амьтнаас ялгаатай байгаа юм. Нийгэмд амьдрахын тулд тодорхой бэлтгэл хэрэгтэй, чухамхуу энэ бэлтгэлийг бага залуу насандаа л олж авдаг ажгуу. Ширэнгэн ойд чонон дунд өссөн хүү, тахианы байранд өссөн охин ХҮН болж чадаагүй нь ч тийм л учиртай. Өндөр хөгжилтэй Япон зэрэг улсуудад хүүхдийг иргэн болж төлөвшүүлэх хүний хөгжлийн хичээлүүд түлхүү ордог бол Монголд аль багаас нь ШУ-аар л нүдээд байна. Квадратын томъёо, Пифагорын теоромгүйгээр би ширээний бүтээлэг тааруулаад зүсчихэж чадна, Хлорын сөрөг ион, хлорын нэгдлүүдийг санахгүй байгаа ч гэсэн би Комет угаалгын бодисоор халтар зүйлсийг угаавал арилна гэдгийг мэдэж л байна. Тэр олон шинжлэх ухаанууд хэрэгтэй хүндээ л хэрэг болсноос бусдад нь хэзээ ч хэрэг болохгүй, цагийн гарз. Тэгэхээр боловсролын системийг илүү амьдралд ойр, хэрэглээний, хүний хөгжил рүү хандсан болгомоор байгаа юм.

            Үүн дээр миний хэдэн санаа байна л даа.

Нэгдүгээрт. Хүнийг хөгжүүлэх, иргэн болоход нь бэлтгэх хичээлийг түлхүү оруулах.

            Нэгэнт Монгол улсад төрсөн бол Монгол улсад хайртай байх нь зүйн хэрэг. Эх оронч байх ёстой юу, космополитан буюу дэлхийн иргэн байх ёстой юу гэдэг философийн маргаан байдаг л даа. Гэхдээ Монгол улсыг хөгжүүлэх Монголоо гэсэн иргэн энэ оронд хэрэгтэй болохоор хүүхдийг тийм л болгож хүмүүжүүлэх шаардлагатай. Эх оронч сэдлийг хүнд өгдөг зүйл маань түүх. Намайг арван жилд байхад манай ангид түүхийн хичээлд дуртай хүн нэг ч байсангүй. Учир нь түүх гэдэг маань сонирхолгүйдээ биш, түүхийн хичээлд ЗГ, төрөөс хандах хандлага нь сул байсных. Түүхийн хичээлийг ШУ-ы талаас нь биш, бахархал төрүүлж, сонирхолтой байдлаар заах ёстойг л ойлгодоггүй байсан хэрэг.

            Улаанбаатарын гудамжаар алхаад үз. Энд тэндгүй хүмүүс нус цэрээ хаяна, хогоо хаячихаад хэнэг ч үгүй дээгүүр хараад л алхаад өгнө. хараалын үг бүр энгийн ярианы хэл шиг л болчихсон.   Хөгшин азарга жороо сурахгүй ээ, нэгэнт төлөвшчихсөн, насанд хүрсэн хүнийг өөрчлөнө гэдэг тун хэцүү. Иймэрхүү энгийн дадлыг балчир ахуйд нь л хэвшүүлэх ёстой байсан юм.  Ямар ч хүүхдэд ингэж болохгүй, тэгж болохгүй гээд хэлэхлээр дараа нь за нэг ингэж байсан шүү гээд санадаг. Хэрэвзээ тэр хогоо хамаагүй хаядаг, хотын соёл гээч зүйлийн тухай ойлголтгүй хүмүүст ЕБС-д байхад нь гудамж гэдэг маань гадаах гэр минь гэдэг ойлголтыг хэвшүүлчихсэн байсан гэмээ нь байдал арай л дээр байх байсан магад. Ахмад настнаа хүндлэх, амьтан, байгалиа хайрлах, гарцаар гарах, хүмүүстэй эелдэг харьцах, эрүүл биеэ авч явах, санхүүгийн энгийн тооцоог хийх гэх мэтийн энгийн ойлголтыг чухамхуу бага болоод дунд ангид төлөвшүүлбэл зохилтой.

            Математикийг дутуу үнэлж болохгүй ээ. Математиктаа сайн байсан хүүхэд, бүх хичээлдээ л жигд сайн байдаг. Математикийн шинжлэх ухаан бол хүний логик сэтгэлгээг хөгжүүлж, сэтгэлгээг задалж өгдөг чухал салбар.

            Энэ мэтчилэн хүний хөгжил рүү чиглэсэн олон хичээл байдаг. Одоо бол харьцангуй гайгүй болсон шиг байгаа юм. Манай үед бол иргэний боловсрол, Хүн-байгаль гэх мэтийн хичээлүүд ордоггүй байсан. Гэхдээ л сая дурдсан хичээлүүдийн чанар хангалтгүй хэвээрээ л байна.

Хоёрдугаарт. Сурах арга зүй гэсэн хичээлийг нэмж оруулах хэрэгтэй.

            ЕБС-д мэдээллийг хүүхдийн тархи руу "асгаад" байдгаас биш мэдээллийг яаж ангилах, хэрхэн системтэйгээр мэдээллийг олж авах, хүлээн авсан мэдлэгээ яаж хадгалах талаар ямар ч ойлголт, бүр ямар ч ойлголт өгдөггүй. Иймэрхүү хичээл ордог байх нь дараагийн шатны боловсролыг эзэмшихэд үнэлж барашгүй нөлөө үзүүлнэ.

Гуравдугаарт. Хичээл сонголт хийлгэдэг байх.

            Ер нь наймдугаар анги (одоогийн 9 юм уу 10р анги болох байх) буюу ахлах ангийн сурагч ирээдүйнхээ талаар тодорхой төсөөлөлтэй болчихсон байдаг ба ирээдүйн мэргэжлээ бараг л сонгочихсон байдаг. Энэ үед нь хичээл сонголт явуулж хэрэг болохгүй хичээлүүдийн оронд сонирхсон чиглэл рүү нь түлхүү явуулж байвал зүгээр.

Дөрөвдүгээрт. Хичээлийн гадуурх сонгон, дугуйлан зэргийг үнэ төлбөргүйгээр өргөн хүрээтэй хичээллүүлэх.
            Арван жилийнхэн компьютер тоглоомын донтон болцгоож байна, мансууруулах бодис хэрэглэж байна гэдэг маань чөлөөт цагаа өнгөрүүлэх газэр хомс байгаагийнх. Ялангуяа улс орныг хөгжүүлдэг инженер, техникийн салбарын хөрс суурийг нь дэмжиж Залуу Зохион Бүтээгчдийн Дугуйлан мэтийн дугуйланг олноор нь байгуулах хэрэгтэй.

Тавдугаарт. Хүүхдийн номын санг олноор нь байгуулах, хүүхдийн ном, хэдлэлийг нэмэгдүүлж, чанарт нь анхаарах.

            Европын орнууд ЕБС-дээ  "Амьтны Ферм", "1984", "Грэт Гэтсби" зэргийг уншчихсан, ардчилал, үнэт зүйлсийн талаарх ойлголтоо олоод авчихсан байдаг бол манайд нөгөө л социйн үед үздэг байсан Орос, Франц зохиолуудтайгаа зууралдсан хэвээрээ. Түүний оронд Аюурзанын антологийг бага зэрэг засварлаад Уран Зохиолын хичээлд оруулдаг байсан нь дээр. Ном гэдэг бол хүнийг төлөвшүүлэх, өөрийгөө олох, гоо сайхны мэдлэг, үнэт зүйлсээ олж  авахад тусладаг зүйл. Тиймээс хүүхдийг номонд дуртай болгох, номоор хангаж өгөх, уран зохиолын талаар хангалттай мэдлэг олгоход төр засаг, холбогдох байгууллагууд анхаарах нь зүй.


No comments:

Post a Comment