Friday, March 15, 2013

Амаа таглуулсан Монгол


Сэтгэгдэл бичихэд хориглох үгсийн жагсаалт гарч, өнөөдөр буюу 3-р сарын 15-наас мөрдөж эхлэв. Бүр 774 үг шүү. Эрээ цээрээ алдсан сэтгэгдлүүд нийтийн ёс зүй,  хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлдөг нь тодорхой. Тиймдээ ч энэ хууль гарсан байх. Гэхдээ энэ хууль хамгийн "но-той хууль". Яагаад гэдгийг нь тайлбарлъя.

            Үгсийн шүүлтүүрийг яаж ашиглах нь тодорхойгүй. Гадаадын ихэнх сайтууд F**k, S**t гэх зэрэг үгсийг шууд гаргадаггүй. Та сэтгэгдэл бичих журмыг зөрчсөн байна гээд гараад ирдэг. Гэтэл зөвхөн хараалын үгс биш энгийн хэрэглээнд ч мөн ашиглагддаг үгсийг энэ жагсаалтанд оруулсан байх юм. Хэрэв шууд хяналтгүйгээр шууд устгах, гаргахгүй байх зарчмаар явах юм бол "Шавар, гахай, эрлийз, оюуны хомсдолтой гэх мэтийн энгийн хэрэглээнд ашиглагддаг үгсийг бичиж чадахаа болихнээ. Монгол хэлэнд яг цэвэр хараал маягаар хэрэглэгддэг үг бол мөнөөх сүрхий орос үг, дээрээс нь англи хэлнээс импорт хийж авчирсан дээр дурдсан 2 үг. Сэтгэгдлийг нь устгахаасаа өмнө хянадаг бол бас ч яахав, үгүй бол бид олон зүйлийн талаар ярилцаж чадахгүйд хүрэхнээ.


            Хамгийн аюултай нь энэ хууль Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон эрх болох "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх"-ийг зөрчиж байна. Монгол улсын иргэн бид хүссэн зүйлээ хэлж, төр засгаа шүүмжилж, бүр үнэхээр болохгүй бол тайван замаар жагсаал цуглаан хийх эрхтэй, үүнд маань хэн ч хориг саад тавих эрхгүй. Ардчилсан нийгэм гэдэг маань дарангуйллын системээс чухам үүгээрээ л ялгаатай. Төрийн төлөө оготно нь хүртэл боож үхэж байж л ардчилал эрүүл, зөв байна. Гэтэл жагсъя, эсэргүүцье хэмээх үгсээс авахуулаад төрийн эсрэг хэлж болох бүх үгсийг хориглохоор энэ эрхээ яаж эдлэх вэ? Цөмийн хаягдал гэх үгийг хорьсон нь энэ тал дээр төрийн байр суурь, иргэдийнхээс өөр байгааг гэрчилж байх шиг. Түүнийгээ ийм ил тодоор харуулж байгаа нь аймшигтай санагдаж байна. Хүнд суртал гэдэг үгийг ашиглахгүйгээр бид яаж төрийн толгойд данхайчихаад сууж байгаа хэдэн олигархиудаас төрөө цэвэрлэх вэ?

            1644 онд Английн парламентийн хэвлэл, утга зохиолыг хянах тухай (бараг анхны удаа л даа) хууль гаргаж байж. Тэрхүү хууль нь гажууд, нийтээр хүлээн зөвшөөрөөгүй ном хэвлэлийг хориглох, мөн засгийн газар, шашны нэр хүндэд халдсан буюу буруу, хуурамч, дуулиантай, өдөөн хатгасан, гүтгэсэн шинжтэй бүх сонин хэвлэл, номыг хориглосон байв. Тэр даруйдаа л олны дургүйцлийг төрүүлж, олон хүмүүс санал бодлоо илэрхийлж эхэлжээ. Английн яруу найрагч, либералист Жон Милтон өөрийн зохиолдоо үүний эсрэг "Үзэл бодлыг зөвхөн эрх баригчид шүүх эрхтэй болох юм бол үнэн гэж зогсонги байдалтай болно", "Буруу үзэл бодлыг буруушаах ёстой болохоос дуугай болгох ёсгүй" хэмээн бичиж байжээ. Бараг 400 жилийн өмнөх хүний эрх чөлөөний үнэлэмж, өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх мэдрэмж ийм түвшинд байхад өнөөдөр ийм хууль гаргачихаад, иргэн нь үүнийг зогсоож чадахгүй байгаа нь эмгэнэлтэй ч юм шиг.





No comments:

Post a Comment